Сонирхолтой санал асуулга

Tuesday, December 1, 2009

Улаанбаатар хотын агаарын бохирдолын тухай хэдэн үг


Орчин үед эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, хүн амын төвлөрөл  эрчимжсэнээр томоохон хот, суурин газрын агаарын бохирдолт ихсэж байна. Ялангуяа хүн ам олноор төвлөрөн суурьшсан, үйлдвэр, аж ахуйн газар, автомашины хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ихээхэн хэмжээгээр сөргөөр нөлөөлж нэн хурцаар тавигдах боллоо.

 Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 1 сая орчим хүн оршин сууж,  92 гаруй мянган автомашин хөлхөж, жилд 7.0 сая гаруй тонн нүүрс, улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг шатааж байна. Эрчим хүч үйлдвэрлэл, зам тээврийн салбар нь агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр юм. Чанар муутай түлш хэрэглэх, эрчим хүч үйлдвэрлэх, хуучин, үр ашиг багатай технологи, үрэлгэн хэрэглээ, автомашин болон хөдөлгөөний зохицуулалтын нөхцөл муу зэрэг нь хаягдал ихэсч, тэдгээрийн хортой нөлөөлөл нэмэгдэх гол шалтгаан болдог.
  Нийслэлийн агаарын бохирдлын талаар тулгарч буй бэрхшээлтэй асуудал нь тус сэдвээр ул суурьтай системтэй судалгаа байхгүйгээс утааны эх үүсвэрүүдийн бохирдолд эзлэж байгаа хувь хэмжээг эрэмбэлэн харьцуулах боломжгүй,  судалгааны нэг тогтсон үзүүлэлт, иж бүрэн дүгнэлт байдаггүй зэргээс хамааран бохирдлыг багасгах ажлыг юунаас эхлэх, ямар эрэмбэ дараагаар явах, юунд анхаарлаа төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтыг хааш нь, яаж зарцуулах вэ гэдэгт зөв хариу өгч шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа явдал юм.
  Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх, үүний тулд агаарыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга зүйг боловсруулах нь чухал ач холбогдолтой асуудал болоод байна.

No comments:

Post a Comment